Улаанбаатар хотын хөгжлийн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх боломжийг танилцууллаа

Home / Мэдээ мэдээлэл / Улаанбаатар хотын хөгжлийн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх боломжийг танилцууллаа

“Улаанбаатар-хөрөнгө оруулалт 2017” бизнес уулзалтад “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Сод-Эрдэнэ “Улаанбаатар хотын хөгжлийн төсөл хөтөлбөрүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх боломж”-ийг танилцууллаа. Түүний тавьсан илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Улаанбаатар 2017 хөрөнгө оруулалт чуулган уулзалтанд хүрэлцэн ирсэн та бүхний энэ өдрийн амар амгаланг эрье.

ЗОРИЛГО, ЧИГЛЭЛ

“Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний  тодотгол, 2030  он хүртэлх хөгжлийн чиг хандлага”, “Улаанбаатар хотын эдийн засгийн хөгжлийн стратеги” баримт бичигт тусгагдсан төсөл хөтөлбөрүүдийг хувийн хэвшлийн шилдэг менежмент, гадны сайн хөрөнгө оруулагчдийн итгэл дээр тулгуурлан хэрэгжүүлэн их хотын хөгжил дэвшилд хүч нэмж, төр хувийн хэвшлийн гүүр нь байхаар Улаанбаатар хотын хөгжлийн корпорацийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр 2015 онд байгуулсан.

Улмаар дэлхийн бусад улсуудын нийслэл, томоохон хотуудын хөгжлийн шилдэг туршлага, өөрийн улсын эдийн засгийн нөөц боломж зэрэгт тулгуурлан УБХК-ийн үйл ажиллагааны үндсэн чиглэлийг 3 хэлбэрээр хэрэгжүүлэх оновчтой шийдлийг гаргаад байна. Эдгээрийг авч үзвэл;

            Нэгт: Улаанбаатар хотын хөгжлийн стратегид тусгагдсан зарим төсөл, хөтөлбөрт хувийн хэвшлийн шууд санхүүжилтийг оруулах, хувийн хэвшлийн бизнесийн туршлага, төслийн менежмент, ноу-хау зэрэгт тулгуурлан харилцан ашигтай байдлаар төслүүдийг хэрэгжүүлнэ.

           Хоёрт: Улс орны эдийн засгийн чадамж, төсвийн орлогын өнөөгийн нөхцөл байдлыг харгалзан үзэж Нийслэлийн төсөвт дарамт учруулалгүйгээр бүтээн байгуулалт, эдийн засгийг тэтгэх шинэ төслүүдэд зориулан санхүүгийн нэмэлт эх үүсвэрийг бий болгох, гадаад, дотоодын хөрөнгийн зах зээл дээрээс хөрөнгө босгоход чиглэн ажиллана.

            Гуравт: Нийслэл хотод тулгамдаж буй агаарын бохирдол, түгжрэл, ажилгүйдэл, хүнсний эрүүл ахуй зэрэг иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлж буй асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор хувийн хэвшлийн зүгээс шинэ санал, санаачлага, бизнесийн боломжуудыг нэмэгдүүлэх төслийг хүлээн авч хамтран хэрэгжүүлж ажиллана.

ХОТЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ-ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

Өнөөдрийн байдлаар хотын хүн амыг ажиллаж амьдрахад таатай, орчин үеийн хот болгон хөгжүүлэхэд богино, дунд, урт хугацааны төсөл хөтөлбөрүүдийг гүйцэтгэхэд нийслэл хотын өөрийн төсвийн хөрөнгө оруулалт хангалтгүй байгаа бөгөөд УБ хотын 2030 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг хийхэд нийт 28 тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатай байна. 2015 оны НИТХ-ын тогтоолоор 99, НИТХ-ын хурлын тогтоолоор 44 төслүүдийг баталсныг энэ дашрамд дурьдсан нь дээр болов уу.

Иймд бидний зүгээс төслийн санхүүжилтийн хүрээнд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөрөнгө оруулалтын боломжуудыг судлан үзсний үндсэн дээр Гадны зээл тусламж, гадаадын шууд хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээл дээр бонд гаргах, төр хувийн хэвшлийн түншлэл гэсэн сонгодог арга хэлбэрүүдэд түлхүү анхаарч улс, нийслэлийн төсвийн дарамтыг багасгахыг зорино.

Өнөөдрийн төрийн байгууллагууд санхүүгийн олон эх үүсвэртэй байх, зээл авах, төсвийн зарцуулалтын хүрээнд хууль эрх зүйн нөхцөл байдал, хязгаарлалтуудтай тулгардаг. Харин УБХК байснаараа эдгээр асуудлуудыг бүрэн шийдвэрлэж хувийн хэвшлийн байгууллагуудтай зах зээлийн зарчмаар харилцан ашигтай, хяналттай хамтран ажиллах боломжтой болж байгаа юм. Энэ нь эргээд хөрөнгө оруулагчдын илтгэлийг нэмэгдүүлж тэдгээрт бодлогын дэмжлэг үзүүлэх боломжтой болно гэж бид дүгнэж байна.

ТӨР ХУВИЙН ХЭВШЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГҮҮР

Энэ талаараа бид төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны гүүр нь болж нэгдсэн ойлголттой хөгжлийн төлөө түншилж чадах юм. Өөрөөр хэлбэл УБХК-ын зүгээс нийслэл хотод хийгдэх хөрөнгө оруулалт, төслийн менежментийн мэргэжлийн үйлчилгээ үзүүлж төсөл арга, хэмжээг олон улсын түвшин өндөр үр ашигтайгаар хэрэгжүүлнэ. Үүний тулд УБХК нь төслийг мэргэжлийн түвшинд үнэлж нийгэм эдийн засгийн ач холбогдлоор нь эрэмбэлэх, төсөл хэрэгжүүлэх оновчтой хэлбэрийг тодорхойлж түүнд санхүүжилт хийх, цаашдын үйл ажиллагаанд байнгын хяналт, хамтын ажиллагааг ханган ажиллана.

Үүнтэй холбоотойгоор УБХК нь хувийн хэвшил, хөрөнгө оруулагч, иргэдийн санал санаачлагыг хүлээн авч, олон улсад батлагдсан төслийн бэлэн байдлыг үнэлэх аргачлалын дагуу шүүлт хийж цаашид хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг татахад салбарын болон техник эдийн засгийн үнэлгээ боловсруулах юм.

Бид уламжлалт төрийн худалдан авалтын механизмыг хөндөхгүйгээр дан ганц нийслэл хотын захиргаанаас гаргасан бүтээн байгуулалтуудаас гадна иргэд, хувийн хэвшлийн санаачилсан төслийг мөн хүлээн авч холбогдох үнэлгээ, санхүүгийн тооцооллыг хийх бололцоотой.

Үүнийг схемчилж авч үзснийг та бүхэн дэлгэцнээс харж болно. Хэрэвзээ тухайн төсөл нь нийслэл хотын хөгжлийн хөтөлбөрийг дэмжсэн, техникийн болон санхүүгийн шаардлагуудыг хангасан гэж үзвэл цаашид ямар хэлбэрээр хэрэгжүүлэх боломжтойг тодорхойлон төслийг эхлүүлнэ. Ингэхдээ нийслэлийн худалдан авалтын төлөвлөгөөнд орсон төслүүдийг худалдан авалтын газарлуу илгээх, УБХК-иар дамжин санхүүжүүлж хийх төслүүдийг НИТХ-аар хэлэлцүүлсний үндсэн дээр корпораци хамтран ажиллах хэлбэрээр сонгон ажиллана. Хэрэв тухайн төсөл бэлэн байдлын үнэлгээгээр хангалтгүй гэж үзвэл төслийг сайжруулах нөхцлүүдийн хамт санаачлагчид буцаах болно.

Төслүүдийг бэлэн байдлын үнэлгээгээр эрэмбэлэхдээ үндсэн 4 нөхцлийг харгалзаж үзнэ.

1-рт тухайн төсөл нийслэлийн хөгжлийн бодлогод нийцсэн байх эсэх тодруулбал ногоон хөгжлийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зэрэг ач холбогдлын хувьд чухал төсөл байх

2-рт Төслийн санал нь зах зээлийн зарчмаар санхүүжүүлэх учир эдийн засгийн өгөөжийн хувьд өндөр, санхүүгийн эрсдэлгүй байх шаардлагатай.

3-рт төслийг хэрэгжүүлэх нөхцөл нийслэл хотод бий эсэхийг үнэлнэ. Үүнд хамгийн түрүүнд зураг төсөв бэлэн эсэхийг харна.

4-рт тухайн төслөөс гарах өгөөж нь улс орны эдийн засгийн өсөлтийг хангахад чиглэгдсэн байх шаардлагатай.

ХӨГЖЛИЙН САН

За ингээд би танилцуулгынхаа төгсгөлд УБХК-ын төслүүдийг санхүүжүүлэх байнгын эх үүсвэрийг бий болгох ажлын хүрээнд төлөвлөгөөнд тусгагдсан Хөгжлийн сан байгуулах түүний удирдлагын тухай мэдээлэл өгье. Нийслэлийн хэмжээнд хийгдэх бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх чухал хэрэгсэл нь корпорацийн дэргэдэх хөрөнгө оруулалтын сангийн тухай байгаа. Бид хөгжлийн сан гэж нэрлэсэн энэхүү сан нь хөрөнгө оруулалтын сонгодог хэлбэр болох сангийн үйл ажиллагааг эрхлэх асуудал юм. Зөвхөн тусгайлсан төслүүдэд мэргэжлийн санхүүгийн аргаар хөрөнгө оруулалт хийж эргэн төлөлтийг тодорхой хугацаанд гарган авч ажиллах юм. Сангийн эх үүсвэрийн тухайд эхний ээлжинд гадаад, дотоод хөрөнгийн зах зээл дээр бонд гаргах, зээл авах, мөн хэрэгжиж буй төслүүдийн ашгаас тодорхой хэмжээгээр санг баяжуулж явах юм. Олон нийт эсвэл тодорхой хөрөнгө оруулагчаас бий болгосон сангийн хөрөнгийн зарцуулалт нээлттэй ил тод, өндөр хяналтанд байж чадах учраас төсөл хөтөлбөрүүдийн үр ашиг, эрэмбэ дараалал нарийн зохион байгуулалттай байж чадна гэж үзэж байна.

Анхаарал тавьсанд баярлалаа.

Recent Posts

Leave a Comment

Start typing and press Enter to search

16910634_1327929497281585_569194044_o